Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ТҮҮХ

2014-12-09

СУМЫН ТҮҮХ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум 469,4 мянган га нутагтай, төв нь Улаанбаатар хотоос 710 км зайä îðøäîã. Нутгийн ихэнх нь Хөвсгөл орчмын бэсрэг уулс, Бадар, Дуургын нуруудын хоорондох Эг-Үүрийн голын дагуух нутаг, газар нутгийн 89.2  орчим хувь нь ой модоор бүрхэгдсэн тайгын бүс юм.

Хөвсгөл нуураас эх авсан цорын ганц Эгийн гол, нутгийн төв хэсгээр баруунаас зүүн тийш урсан өнгөрч, Монголын уулын том голын нэг Үүрийн голтой нийлэн Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Үүнээс гадна Чичин, Бургалтай, Буурал, Зэрлэг, Удган зэрэг олон арван гол горхи, рашаан булагтай, хүн малын ундны ус арвинтай нутаг юм.

Хамгийн өндөр цэг Зэрлэгийн голын урд нурууны “Хөөгийн асга” нь далайн түвшнээс дээш 2024,2 м, хамгийн нам цэг болох сумын төв 1151,4 м, эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд хасах 40 хэм хүртэл хүйтэрч, зуны улиралд нэмэх 34 хэм хүртэл халж, өвлийн дундаж  тунадас 218 мм, өвөл зуны үргэлжлэх хугацаа төвийн нутгуудтай ижил байна. Чулуун нүүрс, алт, шар ногоон хаш, гантиг, шохой  зэрэг өнгөт металлын болон ашигт малтмалын нөөцтэй, төмөр зэвсгийн үеийн томоохон булш элбэгтэй.

Ой хөвчийн бүхий л модлог бутлаг ургамлууд, эдгээр дотроос хаа ч ховор хуш, нарс, гацуур модны зохих нөөцтэй, төрөл бүрийн жимс, эмийн ургамал элбэгтэй. Бүх төрлийн мэрэгчид, гахай, буга, хандгай, гөрөөс, хүдэр, чоно, үнэг, хэрэм зэрэг тайгын амьтдын нөөц ховордож байгаа ч устаж үгүй болоогүй. Томоохон голуудад тул, зэвэг, гутиар зэрэг загастай.

 2733 хүн амтай, 784 өрхтэй, 55423 толгой малтай, үүнээс хонь 18877, ямаа 18753, адуу 4319,  үхэр 14474  мянга байна.

Òóñ ñóì ýä¿ãýý Эрүүл мэндийн төв, 12 жилийн ахлах сургууль, цэцэрлэг, соёлын төвтэй, 34 аж ахуйн нэгж, 40 худалдааны цэгтэй, арилжааны 2 банк, хилийн хээрийн застав, жуулчны 5  отогтой байна.

Хөвсгөлийн хязгаар нутаг нь 13-р зууны үед Монголын эзэнт улсын хувь эзэмшил буюу Чингис хааны ууган хүү Зүчийн харьяалал Дайчин Мэргэд аймагт, 14,15-р зуунд өрнөд Халхад, 16-р зууны дунд үеэс Батмөнх Даян хааны отгон хүү Гэсрэнз жалайр хун тайжийн захиргаанд хамрагдаж, Манжийн ноёрхлын үед (1691-1911 он) халх дөрвөн аймаг шавь таван газар байгуулагдахад Засагт хан аймаг, Сайн ноён хан аймгуудад харьяалагдах болжээ.

            Богд хаант Монгол Улсын үед Өвөр ширхтэн Урианхайн бүгд буюу Жавзандамба хутагтын бага шавьд захирагдан байсан бөгөөд Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд Засгийн газраас аймаг хошуудыг эмхэлж, хошуу нутгийг үе улиран өмчлөн захирч байсан засаг ноёдын эрх мэдлийг халах, шинэ хошуу сум байгуулах, орон нутгийн засаг захиргааны байгууллагын тухай хууль батлан гаргаснаар засаг ноёдынх нь хэргэм зэргээр нэрлэдэг байсан аймаг хошууг орон нутгийн томоохон уул,  ус, газрын нэрээр нэрлэх болжээ.

            1925 онд Их шавийг халахад Хөвсгөлд Наранжаргалант, Хөвсгөл далай- Дэлгэрхан –Уул, Рашаант,  Дэлгэрхаан –Уул гэсэн 4 хошуу бий болсон.

            1928 онд хуралдсан улсын V их хурал орон нутгийн Засаг захиргааг шинэчлэн байгуулах бодлогыг чухалчлан боловсруулсантай холбоотойгоор тус сум нь Цэцэрлэг мандал уулын аймгийн Хөвсгөл далай Дэлгэрхан уулын хошууны Сант-Өндөр сум нэртэйгээр зохион байгуулагдаж, даргаар нь Зуны голоор нутагтай Жамьян гэдэг хүн томилогдон, удалгүй нэрээ өөрчлөн Эрдэнэбулган гэх болж, даргаар нь Намдагийн Нанзад, Жамсран хурц зэрэг хүмүүс ажиллаж байжээ.

            БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуучин хошуудын захиргааг 1931 оны 04 дүгээр сарын 05-ны дотор татан буулгаж, мөн сарын 10-ны дотор шинээр зохион байгуулах тухай 5 дугаар тогтоолыг баримтлан,  Хөвсгөл аймгийг байгуулах түр хорооноос  1931 оны 04 дүгээр сарын 11-30-ны өдрүүдэд Хатгалд Хөвсгөл аймгийн анхдугаар их хурлыг хуралдуулж, БНМАУ-ын 16 дугаар бага хурлын шийдвэр, үндэстэн ястан, аймаг нутгийн зохион байгуулалт, шинэ захиргаа удирдлагыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж, Цэцэрлэг мандал-Уул, Хантайшир уулын аймгийн 5 хошуу 55 сумыг нэгтгэн, Хөвсгөл аймгийг 24 сум, 439 хоринтой, 69201 хүн, 17431 өрх, 1 сая гаруй мал, 106,2 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай байхаар тогтоол гарган баталсан байна.

            Ийнхүү 1931 онд Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар тус суманд Намнан-Уулын хошуунаас гөрөөчин отгийг нийлүүлэн Эрдэнэбулган сум байгуулагдан, сумын анхны хурлыг удирдуулахаар Хурган гэдэг хүн томилогдон ирж, сумын анхны даргаар Нямын Готовыг томилон, сумын төвийг одоогийн оршин байгаа Булган талын эх, Эгийн голын хөвөө, Бургастайн тохойн ард суурьшуулж, сум одоогийн өнгө төрхөө олон хөгжиж иржээ.

            Сум байгуулагдах үедээ 9 багтай байснаа 1948 онд Хужирбулан, Шөөл, Тэрхэнийг Түнэл суманд шилжүүлж өгснөөр 7 багтай болж, хилийн дээс одоогийнхоо хэв маягаар тогтжээ.

1950-аад оны дундуур Энхтайван нэгдэл түүний дараа “Коммунизмийн өглөө” нэгдэл байгуулагдаж байсан түүхтэй. 1959 онд Эг-Үүрийн сангийн аж ахуй байгуулагдаж, 1990 он хүртэл оршин тогтнож байв. Энэ хугацаанд 2 удаа татан буугдаж, Цагаан-Үүр, Тариалан сумтай нийлж байсан хэдий ч 1985 оноос хойш Эрдэнэбулган нэрээрээ засаг захиргааны зохион байгуулалтанд орсон  байна.

 

НУТАГ ДЭВСГЭР

 

Эрдэнэбулган сум зүүн хойд талаараа  ОХУ-ын Закаменск  мужтай, зүүн урд талаараа Булган аймгийн Тэшиг, өмнө талаараа Тариалан, баруун урд талаараа Их-Уул, баруун талаараа Түнэл, баруун хойд талаараа Чандмань-Өндөр, хойд талаараа Цагаан-үүр сумын нутаг дэвсгэртэй залган оршдог.

ХҮН АМ ЗҮЙ

 

Тус сумынхан удмаараа харуулын халхууд, урианхай, буриад, хотгойд үндэстэн бөгөөд сүүлийн үед шилжин ирэгсдийн дотор дархад, казах, ариг- урианхай зэрэг ганц нэгээрээ буюу хэд гурваараа, гэр бүлээрээ орших бусад ястан ч бий. Үүнээс харуулын халхууд  40 гаруй хувийг эзэлж байна.

2000 онд Монгол улсын иргэний үнэмлэх сольж олгоход олгосон бүртгэлийг үндэслэн тус суманд 2008 оны эцэст тоологдсон 2772 иргэнд ургийн овгийн судалгаа хийж үзэхэд тус сумаас 329 буюу 11,9 хувь нь Боржгон овог авсан байгаа бөгөөд 100-аас дээш тооны гэвэл:

·         Өндөр нөр-189

·         Бэсүд-197

·         Их мэргэд 280

·         Харуул 230

·         Мэргэд 213 гэх мэт 179 овог бүртгэгдсэн байна.

 

ГАЗРЫН ГАДАРГА,  ХӨРСНИЙ БҮТЭЦ

 

Эрдэнэбулган сум нь ерөнхийдөө уулархаг, тэр дундаа ой тайга нутгийн газрын гадаргын ихэнх хэсгийг бүрдүүлэх бөгөөд тал орчмоор харьцангуй нам доор тал хээр нутаг зонхилно. Эгийн голын сав дагуух нутаг нь хүнд шавранцар хөрстэй,  тал нутгаараа чулуу бага, хар хүрэн, хатуу хөрстэй. Тус сумын хөрс бол хээрийн хүрэн хөрс бөгөөд хэд хэдэн хэв шинж хар хүрэн, хүрэн цайвар, хүрэн, уулын хүрэн, нугын хүрэн, ойн хүрэн хөрсөөр  хөгжжээ.

Сумын нутаг дэвсгэр Хангайн уулархаг бүсэд хамрагдах Буурал болон Дуургын нуруу нутгийн дийлэнх хэсгийг эзэлнэ.  Уулс хоорондох д.т.д 1100-1500 м-ийн өндөртэй, 1-3 км орчим үргэлжлэх тэгшивтэр тал хөндийн болон уулын энгэр бэлээр зуны улиралд мал бэлчээрлүүлэх, мөн газар тариалан эрхлэх гол нутаг багтана.

 

ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Эрдэнэбулган Сумын нутаг Эгийн голын тайга,  ойт хээрийн бүсэд хамаарагддаг.Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улиралд -40 оС хүртэл хүйтэрч, Зуны улиралд + 34о С халж, өвлийн дундаж тунадас 218 мм, өвөл, зуны үргэлжлэх хугацаа Төвийн нутгуудтай ижил юм.

Тус сум чийглэг, сэрүүн бүсийн уур амьсгалын мужид багтдаг. Энэ нутагт ордог хур тунадасны ихэнх нь 7-р сард, хамгийн бага нь  9 сард ордог бол улирлын байдлаас хамаараад үүлшлийн байдал   өөр өөр байдаг.  Хүйтний  улиралд үүлшил бага, цэлмэг байдал илүү ба дулааны улиралд үүлшлийн хэмжээ ихэсдэг.  Хүйтний улиралд гол төлөв дээд, дунд, мандлын үүл ажиглагдана. Дулааны улиралд гол төлөв конвекцийн үүл болох бөөн ба борооны бөөн үүл, давхраат бөөн үүл ихэвчлэн ажиглагддаг.

 

ГАДАРГЫН БОЛОН ГҮНИЙ УСНЫ НӨӨЦ

 

Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр дээгүүр  Эг, Үүр гэсэн Монголын томоохон 2 гол урсан, Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар  ОХУ-ын Буриад Улсын нутаг дэвсгэрт орших Байгаль нуурт цутган,  цэнгэг усаар тэжээх  эх үүсвэр нь болдог  байна.

Мөн  Чичин, Удган, Сэрүүн, Урт, Улиад, Архан, Зад, Буурал, Асайт зэрэг 20 гаруй нарийн гол, Харгана, Өлөнт, Сөрт, Шивэрт зэрэг 60 гаруй горхи, Ганц мод, Улиадын хөх хад, Улаан хад, Наран, Цагаан чулуут зэрэг 90 орчим  газрын булаг ус  хүн ард, ургамал мод, мал амьтныг ундаалан урсаж байдаг байна.

Үүнээс гадна олонд тустай, эмчилгээний ач холбогдол бүхий Долоон булаг, Өтөгт, Шар шорооны зэрэг рашаан ус байдаг ба зуны улиралд буюу жилдээ 90-150 хүн очиж, биеэ сувилан, тэнхэрдэг байна.

Мөн Арханы нуур, Хирвэстэйн нуур, Эг давааны нуур зэрэг байгалийн үзэсгэлэнг цогцоор нь гайхуулсан, хүний хөл ховорхон хүрдэг гайхамшигт нуурууд ч 10 орчим бий.

Хүн амын төвлөрөл бүхий 4-р багийн нутаг дэвсгэр дээр 1 гүний худаг, малчдад зориулсан буюу бэлчээрийн менежментийг сайжруулах зорилгын хүрээнд баригдсан 18 гүний худаг байна.

 

УРГАМАЛ, АМЬТНЫ АЙМАГ

 

Сумын нутаг дэвсгэрт шинэс, хус, бургас зонхилно. Гэхдээ ой хөвчийн бүхий л модлог, бутлаг ургамлууд, хуш, нарс, гацуур модны зохих нөөцтэй.

            Ойт хээрийн бүсэд амьдардаг 20 гаруй зүйлийн амьтан нутагшин байдаг ч сүүлийн жилүүдэд нийтдээ ховордож, зарим зүйл амьтад устахад хүрч байгаа нь нэн харамсалтай.

Манай нутагт баавгай, хандгай, буга, гахай, гөрөөс, чоно, хүдэр, шилүүс, нохой зээх, үнэг, хярс, дорго, мануул,  чандага, туулай, тарвага, хэрэм, жирх, үен, солонго, өмхий хүрэн зэрэг 20 гаруй зүйлийн амьтдаас гадна хур, сойр, ятуу, тоодог зэрэг агнуурын шувууд нутаглана.

Нуур голд хун, галуу, ангир, нугас нүүдэллэн ирэх ба, тас, бүргэд, харцага, шонхор, элээ, хэрээ гээд л талын махчин шувууд элбэг.. Эг, Үүр, Чичин, Зэрлэг, Архан, Буурал зэрэг голуудад тул, зэвэг, гутиар, алгана, цурхай зэрэг загастай.  

Мэргэжилтнүүдийн судалснаар тус сумын нутагт хиаг, толгой улалж, улаан толгойт, сөөгт, тал хээрийн  бэлчээрт үндэслэг ишт үетэн, дэгнүүлт үетэн, ботууль, агь, ганга, годил өвс, дааган сүүл, засаа өвс, ерхөг, согоовор, хазаар өвс, хялгана, хиаган сүүл, тайжийн жинс, цагаан суль, ямаан сахал гээд бэлчээрийн зүйл зүйлийн ургамал ургаж, яргуй, саадгай цэцэг, тэмээн уруул, цагаан уул гэхчлэн олон төрлийн  цэцэг, ургамал алаглана.

            Алтан хундага, алтан мөнгөн гагнуур, алтанзул, бамбай, булган таваг, ванжингарав, жамъянмядаг, намуу цэцэг, хөх, шар дэгд, цагаан ягаан цээнэ, тарваган шийр, таван салаа, чонын хэл, нохойн хошуу, сөд зэрэг эмийн болон эмэнд ашиглаж болох 50 гаруй нэрийн ургамал бий.

            Эг-Үүр, Чичин, Зэрлэг, Зад, Бургалтай, Буурал, Унгиагийн голуудын битүү шугуй, Дуурга, Овгор, Сэрүүн, Удган, Бөөрөлж, Бургалтай, Баянгол, Барсага, Горхин, Гачуурт, Овоонт, Буурал, Хушт, Хайрхан, Унгиа, Хонгио зэрэг том уул нуруудад нэрс, аньс, хад, үхрийн нүд, улаалзгана, гүзээлзгэнэ, долоогоно, мойл, самар зэрэг ой тайгын бүхий л төрлийн жимс арвинаар ургадаг билээ.           

 

 

 

БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ БОЛОН ДУРСГАЛТ ГАЗРУУД

 

Тус сумын орон нутгийн  хамгаалалтанд авсан газар нутаг 1-р багийн нутагт “Сонгинохайрхан” уулын орчим 1709 га, 3-р багийн нутагт “Буурлын голын бэлчир” орчмын нутагт 9259 га,  “Задын эх” 0,5 га, 1-р багийн нутаг “Бүрэг хад” орчмын  газар 1086 га тус тус байна.

Бүрэгийн хад, Сонгины хясаа, Хирвэстэйн нуур, Сэнжит хад, Эг-Үүрийн бэлчирийн Ишгэн толгой, Сандаг цахир, Дани толгой, Долоон булагийн рашаан зэрэг олон олон байгалийн үзэсгэлэнт, онгон дагшин газрууд байдаг ба  Даян дээрхийн хийд орчмын нутаг, Удганы хүрээний туурь, Арханы хүрээний туурь, 58 орчим тооны томоохон булш хиргэсүүдүүд  соёлын биет өвд бүртгэгдсэн байдаг байна. Мөн 50-р өргөргөөс хойшхи нутаг дэвсгэрийг аймгийн орон нутгийн  хамгаалалтанд авсан нь манай сумын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг хамарч  байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%